Бизнес Талант Инкубатор
Танилцуулга
Бизнес Талант Инкубатор нь 2006 онд ЛЭОС-гийн УЗ-ийн гишүүдийн санаачлагаар байгуулагдаж, 2007 онд Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын дэмжлэгээр Монгол улсад бизнес инкубатор төвийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдан инкубатор болж үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Бизнес Талант Инкубатор нь Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй, орон тооны 3 ажилтан, 6 сургагч багштайгаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.
Бизнес Талант Инкубатор нь Улаанбаатар хотод оршин суугч шинээр бизнес эрхлэхийг хүсч буй эмэгтэйчүүд, бүх төрлийн жижиг бизнес эхэлж байгаа хүмүүс, бизнес эрхлэгч нарт хүрч үйлчилдэг. Инкубатороос төрж гарч байгаа бойжигч, шинэ бизнес эрхлэгч нь инкубатор дотор болон инкубатороос гадна өөрийн түрээсийн байранд үйл ажиллагааг явуулдаг. Бизнест дөнгөж хөлөө тавьж байгаа хамгийн их хүндрэл бэрхшээл гардаг энэ мөчид Бизнес Талант Инкубатор нь бойжигч бизнест үнэ төлбөргүй сургалт хийж, бизнесийн болон санхүүгийн удирдлагын зөвлөгөөг өгөхийн хамт түрээсийн төлбөрийн 50 хүртэлх хувийг төлж санхүүжүүлдэг. Бойжигч бизнесийг сонгохдоо инкубаторын шалгуур үзүүлэлт, журмыг мөрдлөг болгодог.
Бизнес Талант Инкубатор нь мөн орлого багатай иргэдийг хамтран бүлэг болж, бие биенээ дэмжин, бизнес эрхлэхэд нь туслаж, шинэ ажлыг байрыг нэмэгдүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Үүний хамт ХХҮГ-тай байгуулсан гэрээний дагуу өөрсдийн харилцагч нар, ажилгүй хүмүүст бизнес эрхлэхийг дэмжсэн үе шаттай бизнесийн бүх төрлийн сургалтуудыг зохион байгуулж байна.
Манай үйл ажиллагаа
Монголчууд жижиг дунд бизнесийг үйлдвэрлэл ба үйлчилгээний салбарт түлхүү эрхэлдэг. Ихэнхи хүмүүс анх бизнест хөл тавихдаа хамгийн гол зүйл бол мөнгөтэй бол бизнес эрхэлж болно гэж боддог. Гэтэл бизнес эрхлэхэд хамгийн чухал нь зах зээлийн эрэлт, хүний хэрэгцээг хангаж чадахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг шинэ санаа, мэдээлэл, шинэ ололт технологиор хүргэж, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх шаардлагатайг ойлгож эхэлдэг. Бизнесийг амжилтанд хүргэдэг зүйлс нь: Бизнесийн удирдлага, зах зээл, шинэ санаачилга ба шинэ технологи (ноу-хау), мэдээлэл ба бизнесийн харилцаа, үүний дараагаар хөрөнгө санхүү чухал гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ бүхэн бизнес инкубаторын үйл ажиллагааг эрхэлж буй бидний хүрч үйлчлэх ёстой орон зай, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх бидний хүрэх зорилго юм.
Манай Бизнес Талант Инкубатор нь бизнесийн зөвлөгөө өгөх чадварлаг багтай. Зөвлөгөө өгөх багийн гишүүд нь дараах салбарт олон жил ажилласан хүмүүсээс бүрдэнэ. Үүнд: Аж ахуй эрхлэх ба бизнесийн удирдлага, санхүү, маркетингийн удирдлага, хөдөө аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал, үсчин, оёдол, нэхмэл, эсгий урлал болон бусад бизнесээр мэргэжсэн хүмүүс байдаг. Зөвлөх баг нь тухайн бизнесийн онцлогоос хамааран шаардагдах сургалт, зөвлөгөөг танд үнэ төлбөргүй хүргэж үйлчилнэ.
Биднийг гол зорилго бол хувь хүн, шинэ аж ахуйн нэгжийг ирээдүйд амжилтанд хүргэх замыг нээж, замаар хөтлөхөд оршино. Бизнес эрхлэгч нь мэдлэг, ур чадвараа дээшлүүлснээр санхүүгийн байгууллага, банкнаас зээл авч чаддаг болж, цаашид тогтвортой бизнес болж бэхжинэ.
Шинэ аж ахуй нь өөрийн аз туршсан нөхцөл байдлыг даван туулж гарах хүртэл бид тэдэнтэй хамт байхыг зорьж ажиллана.



Бидний тухай

