Танилцуулга
Бизнес Талант Инкубатор нь 2006 онд ЛЭОС-гийн УЗ-ийн гишүүдийн санаачлагаар байгуулагдаж, 2007 онд Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын дэмжлэгээр Монгол улсад бизнес инкубацийн үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдан инкубатор болж үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Бизнес Талант Инкубатор нь Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй, 3 орон тооны ажилтан, 6 сургагч багштайгаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.
Бизнес Талант Инкубатор нь Улаанбаатар хотод оршин суугч шинээр бизнес эрхлэхийг хүсч буй эмэгтэйчүүд, бүх төрлийн жижиг бизнес эхэлж байгаа хүмүүс, бизнес эрхлэгч нарт хүрч үйлчилдэг. Инкубатороос төрж гарч байгаа бойжигч шинэ бизнес эрхлэгч нь инкубатор дотор болон инкубатороос гадна өөрийн түрээсийн байранд үйл ажиллагааг явуулдаг.. Бизнест дөнгөж хөлөө тавьж байгаа хамгийн их хүндрэл бэрхшээл гардаг энэ мөчид Бизнес Талант Инкубатор нь бойжигч бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй сургалт хийж, бизнесийн болон санхүүгийн удирдлагын зөвлөгөөг өгөхийн хамт ажлын байрны түрээсийн төлбөрийн 50 хүртэлх хувийг төлж, бизнесээ тогтвортой эрхлэхэд нь дэмжлэг үзүүлдэг.. Бойжигч бизнесийг сонгохдоо инкубаторын шалгуур үзүүлэлт, журмыг мөрдлөг болгодог.
Бизнес Талант Инкубатор нь мөн орлого багатай иргэдийг хамтран бүлэг болж, бие биенээ дэмжиж, бизнес эрхлэхэд нь туслажн шинэ ажлын байр бий болгох Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Үүний хамт ХХҮГ-тай байгуулсан гэрээний дагуу өөрсдийн харилцагч нар, ажилгүй хүмүүст бизнесийн үе шаттай бүх төрлийн сургалтуудыг зохион байгуулж байна.
Манай үйл ажиллагаа
Монголчууд жижиг дунд бизнесийг үйлдвэрлэл ба үйлчилгээний салбарт түлхүү эрхэлдэг. Ихэнхи хүмүүс анх бизнест хөл тавихдаа хамгийн гол зүйл бол санхүү, мөнгөтэй бол бизнес эрхэлж болно гэж боддог. Гэтэл бизнес эрхлэхэд хамгийн чухал нь зах зээлийн эрэлт, хүний хэрэгцээг хангаж чадахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг шинэ санаа, мэдээлэл, шинэ ололт технологиор хүргэж, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх шаардлагатайг ойлгож эхэлдэг. Бизнесийг амжилтанд хүргэдэг зүйл нь: Бизнесийн удирдлага, зах зээл, шинэ санаачилга ба шинэ технологи (ноу-хау), мэдээлэл ба бизнесийн харилцаа байдаг бөгөөд үүний дараагаар хөрөнгө санхүү чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ бүхэн бизнес инкубаторын үйл ажиллагааг эрхэлж буй бидний хүрч үйлчлэх ёстой орон зай, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх бидний хүрэх зорилго юм.
Манай Бизнес Талант Инкубатор нь бизнесийн зөвлөгөө өгөх чадварлаг багтай. Зөвлөгөө өгөх багийн гишүүд нь дараах салбарт олон жил ажилласан хүмүүсээс бүрддэг. Үүнд: Аж ахуй эрхлэх ба бизнес, санхүү, маркетингийн удирдлага, хөдөө аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал, үсчин, оёдол, нэхмэл, эсгий урлал болон бусад бизнесээр мэргэжсэн хүмүүс байдаг. Зөвлөх баг нь тухайн бизнесийн онцлогоос хамааран шаардагдах сургалт, зөвлөгөөг танд үнэ төлбөргүй хүргэж үйлчилнэ.
Бидний гол зорилго бол хувь хүн, шинэ аж ахуйн бизнесийг ирээдүйд амжилтанд хүргэх замыг нээж, хурдацтайгаар урагш хөтлөхөд оршино. Бизнес эрхлэгч нь мэдлэг, ур чадвараа дээшлүүлснээр санхүүгийн байгууллага болон банкнаас зээл авч чаддаг болж, цаашид тогтвортой бизнес болж бэхжихэд дэмжлэг болж өгдөг.
Шинэ аж ахуй нь өөрийн аз туршсан нөхцөл байдлыг даван туулж гарах хүртэл бид тэдэнтэй хамт байхыг зорьж ажилладаг.



Танилцуулга