| DATE_FORMAT_LC3
Бизнесээ дөнгөж эхэлж буй иргэдийг сургаж чадваржуулан, тэдний үйл ажиллагааг цаашид өргөжин тэлэхэд нь дэмжлэг үзүүлдэг бизнес инкубаторууд манай улсад байгуулагдаад хоёр жил болж байна. Одоогоор улсын хэмжээнд нийт 15 бизнес инкубатор үйл ажиллагаа явуулж байгаагаас хөдөө орон нутагт 10, нийслэлд 5 нь ажилладаг.
Бизнес инкубаторуудын хамгийн гол зорилго нь шинэ санааг ажил хэрэг болгоход туслах явдал юм. Өнөөдөр хүн бүр ахуй амьдралаа дээшлүүлэх үүднээс сэтгэлдээ ямар нэгэн бизнес санааг агуулдаг. Хүний амьдралтай бизнес адилхан байдаг. Хүүхэд төрөөд хүн болдогтой ижил бизнест ч санааг нь хөгжүүлж чадвал өсч дэвжих болно. Гэхдээ өөрт байгаа бизнес санаагаа хэрэгжүүлж чадахгүй байгаа бол энэ бизнес санаа биш болно. Хүмүүс ихэвчлэн монголд ямар бизнес эрхэлвэл хөгжих вэ? гэж асуудаг. Өнөөдөр бид маш их зүйлээ гадаадаас худалдаж авдаг. Иймээс бид байхгүй байгаа зүйлээ бий болгох нь өөр бизнес болно. Бидэнд хийх зүйл их байгаа ч хөрөнгө санхүү, бизнесийн мэдлэг чадвар мөн түүнийхээ төлөө тууштай тэмцэх сэтгэлийн тэнхээ л дутагдаж байна. Барьцаа хөрөнгөгүйгээр үйл ажиллагаа явуулах нь бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том бэрхшээл болж, үүнээс үүдэн банкнаас зээл авах асуудал дээр гацаад байна. Бизнес инкубатор нь санхүүгийн хүндрэлээс үүдэж, бизнесээ эхлүүлж чадахгүй байгаа иргэдэд туслах үүрэгтэй болохоор санхүүгийн хямралтай байгаа энэ үед бид илүү их ажиллах хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд бид энэ үед л илүү ойртон ажиллаж, тэдэнд урам зориг өгөх ёстой юм.
Манай инкубаторууд нь шинэ тутам хөгжиж байгаа тул бусад улс орны туршлагуудаас суралцах ихээхэн шаардлагатай байна. Саяхан Энэтхэг улсын хөдөө аж ахуй, үйлдвэрлэл өндөр хөгжсөн Комвотор хотод Ази, Номхон Далайн Орнуудын Инкубаторуудын Холбооны \APIN\ IV зөвлөгөөн болсон. Уг зөвөлгөөнд Монголын Бизнес Инкубаторуудын Үндэсний Нэгдсэн Холбооноос \МБИҮНХ\ төлөөлөгч оролцоод ирсэн. Тус зөвлөлгөөнд оролцсоноор бусад улс орнуудад инкубатор байгуулагдаад 30-40 жил болсон байхад инкубатор дөнгөж үүсч хөгжиж буй манайх шиг улсад маш их зүйл сурч мэдэх, туршлага судлах өндөр ач холбогдолтой байсан. Мөн МБИҮНХ нь APIN –д гишүүнээр элссэн явдал нь дэлхийн инкубаторуудын хөгжлөөс суралцах, мэдээ мэдээллээр хангагдах зэрэг томоохон боломжууд нээгдэж байгаа юм.
Монгол улсад инкубаторын үйл ажиллагааг Засгийн газар, НХХЯ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг бусад төр засгийн байгууллагууд дэмжиж байгаад талархууштай боловч энэ талаар хууль зүйн орчин, инкубаторыг цогцоор нь хөгжүүлэх явдал хангалтгүй байна. Гэхдээ бид өөрсдийн боломж бололцоон дээр тулгуурлан, ХЭДС-ийн дэмжлэгтэйгээр инкубаторыг хөгжүүлэх талаар дэвшилттэй ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
Бид анх үйл ажиллагаагаа эхлүүлж байхад маш олон бэрхшээл тулгарч байсан нь эргээд харахад бидэнд тэр хэмжээгээрээ туршлага болон хуримтлагдсан. Ирэх онд бид Дэлхийн Инкубаторуудын зөвөлгөөнд оролцон, туршлага судлаж, улмаар хөдөө орон нутгийн инкубаторуудын үйл ажиллагааг хөгжүүлэх, цаашид аймаг бүрт инкубаторыг нээн ажиллуулахаар төлөвлөж байна.





