There are no translations available.

Хүүхдийн Хөгжлийн Төвийн зорилго:

Сургууль завсардсан, аюул эрсдэлтэй орчинд хөдөлмөр эрхэлдэг, нийгмээсээ хөндийрсөн, орон гэргүй байгаа, бие бялдрын болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн, бага орлоготой гэр бүлд амьдардаг, амьдралын өөр үнэлэмжийг хайж арга тасарсан, бие бялдрын хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шалтгаануудаас сэтгэл санааны ихээхэн гутралд орсон хүнд байдал, эрсдэлтэй нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд бага боловсрол нөхөн олгох, нийгэм хамт олны дунд хөгжүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, амьдрах ухаан, ур чадварыг нь хөгжүүлэх, бусад хүүхдүүдийн адилаар нийгмийн амьдралын хүрээнд тэгш боломжоор хангахыг эрэлхийлэн ажилладаг.

Байгууллагын түүх:

1995 онд ХБНГУ-ын иргэн Инес Штольпе тус улсаас Монгол Улсад хэрэгжиж байсан гэр бүлээсээ хөндийрсөн хараа хяналтгүй гудамж талбай, траншейнд амьдарч байгаа хүүхдүүдийг хамгаалах “Тэмүүлэл” төсөлд ажиллаж байсан. 1996 онд Монгол Улсын иргэн Д.Аззаяа цусны өвчтэй хүүхдүүдийг хамгаалах “Монголын Хемофилийн Холбоо”- ТББ-ыг байгуулан ажиллаж байгаад, бид ажлын харилцаа холбоогоор танилцаж хүүхдэд туслах нэгэн сэтгэлээр хамтран ажиллах болсон. Энэ хамтын ажиллагааны үр дүнд Д.Аззаяа, Ines Stolpe нар 1998 онд Хүүхдийн Хөгжлийн Төв ТББ-ыг санаачлан байгуулж, энэ үеэс хойш өнөөг хүртэл УБ хотын эрсдэлд байгаа хүүхдийг хамгаалах, сайн санааны ажлуудыг хийсээр байна.

“Айл” хүүхэд хамгаалах төсөл

Инес Штольпе санаачлан 1995 оноос гэр орноосоо хөндийрсөн, сургууль завсардсан хүүхдүүдийг гэр бүлийн хэвийн орчинд нь буцаах, эрсдэлтэй байдлаас хамгаалах зорилгоор “Гэр” нийгэмлэгийг санаачлан байгуулж Герман Улсын сайн санаат иргэдтэй харилцаа тогтоож, эрсдэлд байгаа хүүхдүүдэд хандивлагч олж ивээн тэтгэх “Айл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоо энэ төсөл нь өргөжсөөр 500 гаруй Монгол хүүхдийг ивээн тэтгэж, бага боловсрол нөхөн олгох, дунд сургуульд суралцах, бусад хүүхдүүдийн адилаар сургуулиа төгсөж дараа шатны сургуульд суралцах, мэргэжлийн чиг баримжаа олоход нь тусалсаар байна. Энэ төслийн үр дүнд олон арван хүүхдүүд төрсөн гэр бүлдээ эргэн ирж, орон гэргүй хүүхдүүд амьдрах гэртэй болж, бага, дунд шатны сургуульд суралцаж, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдаж, ажил хөдөлмөр эрхлэх болсноос гадна дотоодын төдийгүй Швед, Япон, Франц зэрэг орнуудад суралцаж, ажиллаж байна.

“Ачлал” хүүхэд хамгаалах төв

Япон Улсын иргэн Kawaoka Michie, Герман Улсын иргэн Ines Stolpe, Д.Аззаяа, нар санаачлан 1998 оны 4-р сард эрсдэлд байгаа хүүхдийг хамгаалах “Ачлал” төвийг УБ хотын Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутагт байгуулсан. “Ачлал” хүүхэд хамгаалах төвийн хичээлийн байрыг 2001 онд Япон Улсын сайн санаат иргэдийн хандивын хөрөнгөөр барьж байгуулсан болно. Тус төв нь гэр бүлийн орлогын ядуурал, бусад хүндэтгэх шалтгаанаар хөдөө орон нутгаас шилжин суурьшигчдын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулиас завсардсан хүүхэд, гудамж олон нийтийн газарт хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд бага боловсрол нөхөн олгох сургалт явуулдаг. Өнгөрсөн хугацаанд тус төв 700 гаруй хүүхдэд бага боловсрол нөхөн олгож, цаашид тасралтгүй боловсрол олгох үүднээс ЕБС-д элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлж ирлээ. “Ачлал” төвд бага боловсрол эзэмшсэн хүүхдүүд, өнөөдөр мэргэжлийн сургууль, сургалт, коллеж, их дээд сургуульд суралцаж, үйлдвэр, аж ахуй, хувийн хэвшлийн газруудад ажиллаж байна.

“Уран гар төсөл”

Хүүхдүүдэд учирдаг хамгийн хүнд бэрхшээлүүдийн нэг нь тэдний гэр бүлийн орлогын ядуурал байдаг. Хүүхдүүд гэр бүлийн орлогодоо нэмэр үзүүлэхээр ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэг. Гудамж, талбай олон нийтийн газарт хөдөлмөр эрхлэх нь тэдний амь нас, аюулгүй байдалд эрсдэл дагуулдаг. Жишээ нь: Өдрийн орлогоо бусдад булаалгах, дээрэмдүүлэх, хүчирхийлэлд өртөх асуудал цөөнгүй гарч байдаг. Ялангуяа охидууд бэлгийн хүчирхийлэлд өртөх гэх мэт гэмт халдлагт нилээд өртдөг. Мөн хүйтэн сэрүүний улиралд олон цагаар гадаа ажилладагаас даарч амьсгалын болон бусад төрлийн өвчнүүдэд тусдаг. Бусдын муу нөлөөнд өртөх, улмаар гэмт хэрэгт холбогдох зэргээр гудамжинд ажиллах нь тэдний араас байнга аюул дагуулж байдаг. Хүүхдүүд орлого олох зорилгоор, аюул эрсдэлтэй орчинд хөдөлмөр эрхлээд байгааг зогсоох ямар ч боломж бидэнд байхгүй байсан тул тэдний орлого олох ажлыг аюулгүй орчинд шилжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах шаардлага тулгарсан. Ийнхүү уламжлалт түүхий эд болох ноосоор эсгий бүтээгдхүүн гар аргаар үйлдвэрлэх төслийг Герман Улсын Элчин Сайдын Яамны тэтгэлэгээр 2008 оны 4-р сараас хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төсөлд одоогоор 8-10 хүүхэд хамрагдаж байна.

Мөн энэ төсөлд ажилгүй болон орлого багатай эмэгтэйчүүд ажилладаг. Одоогоор 3 эмэгтэй төсөлд хүүхдүүдтэй хамтран ажиллаж байна. Монголын уламжлалт гар урлал болох ноосоор олон төрлийн бүтээгдхүүн гар аргаар үйлдвэрлэж байна.

“Уран гар” төслийг хэрэгжүүлэхдээ  “Бизнес талант”-ын инкубатор төсөлд хамрагдаж, бойжигчоор нь элсэн, сургалт зөвөлгөө, үзэсгэлэн яөрмагт оролцоход дэмжлэг авч ажиллаж байна.

ХХТ-ийн гүйцэтгэх захирал Д.Аззаяа

Манай хаяг: Сонгино хайрхан дүүрэг, 9-р хороо,
Баруун Баян-Уулын 13-р гудамж 31 тоот

Шуудангийн хайрцаг-754
Улаанбаатар210644, Монгол Улс
E-mail: CLOAKING
http://www.achlal.mn

Утас: 976-11-31 70 85
ФАкс: 976-11-31 70 85
Гар утас: 9009-8090

Content View Hits : 281411